05/09/2013
Цуйвантай дурсамж.
Шавилхан биетэй ангийн минь анд сан. Оюутан байхад хуушуур найм олдвол наймыг, арав олдвол аравыг л иддэг үе байлаа шүү дээ. Харин тэр анд маань дөрвөөс цаашаа явахгүй. Бид түүнийг цамаан гэж цаашлуулна. Гэхдээ харин цуйванг ёстой нэг хашраадаг гар даа тэр минь.
Хөдөлмөрийн дээд сургуулийн тэр хавьд Оюутан гуанз гэж байх. Хоёр сардаа нэг орно. Хөлсөө гартал иднэ. Шавилхан анд маань цуйван захина. Ай тос нь гялалзаж, мах ногоо нь бултайсан сэгсгэр бор цуйван овоолгоотой ирнэ дээ. Анд ардаас нь харагдахаа байна. Өрөөсөн гар цухуйж ирээд л сэрээ шүүрч байгаа харагддаг сан. Тэгээд л нүдэн дээр тоосго сугалж байгаам шиг л доошлоно шүү дээ тэр цуйван.
Эхлээд андын хөмсөг нь цухуйна.
Дараа нь жаргалтайя жаатайх нүд гарч ирнэ.
Тэгээд хөлс нь бурзайсан хамар нь,
Сүүлд нь тэгээд бумбайж буваганах хацар ам нь харагдана даа.
Ёстой л жаргаж иднэ гэж тэр.
Тавгандаа тал хэрчим гурил ч үлдээхийг анд маань цээрлэнэ. "Цуйвангийн заяа гомдчноо" гэж ирээд л шүүрээд үмхчихнэ. Хамгийн сүүлд сэрээгээ долоож байхдаа яг л багш шиг өнгөөр, "та нар ер нь цуйван л идэж бай. Ээ дээ хамаг юмыг нь тааруулж сэгсэрсэн цуйван шиг ариун дагшин, амттайхан хоол өөр байна гэж үү дээ" гэж ирээд л сургана.
-Гүэ чи цайгүй д явуулчих юмаа гэж маниусыг нэг удаа гайхахад,
-Нөхөд минь увдисыг нь олж, өөх мах, ногоо цагааг нь тааруулж үмхвэл цуйванг ууж болдым шүү дээ гэж ам тагласан удаатай.
Тэр анд маань одоо цуйвангаа идсээр яваа. Их хотын хаа нэгтээгээс хамгийн гоё цуйвантай газрыг тэмцэн бэдэрсээр яваа.
Цуйван хаусын дурсамжаас....
Фэйсбүүкийн олон нөхөд та нар ч гэсэн цуйвантай дурсамжаа хуваалцана уу.