01/11/2025
Өчигдөр өглөө горхи дагаад хоёр улаан үнэг
өнгөрсөн бороонд цохигдон унасан сүүлийн цөөвтөр алимыг
үмхлэн гүйхийг нь бид хөлөрсөн цонхоор харсан-
үнэгнүүд ногоон нүдээрээ бидний зүг
эгээ л амьд сэргэгийн бэлгэдэл мэт тийм удаан харж харж
эргээд л алимаа хайн одсон-
түүний учир бичнэм,
Өнөө өглөө хайртай бүсгүй минь
ахуйн дарамтаас хөндийрч сэтгэлээ зугаацуулахаар
үзэг, шар дэвтэр хоёроо бариад тагт руу гарахад,
би хот руу очоод кафед сууж цай уунгаа
бичих зүйлсээ цэгцлэхээр машинаа асаалаа-
гэрэлтсэн хязгааргүй мөрөөдөл мэт манан
мяралзсан тэнгисийн булангаар хөглөрч,
ноднин бас энд өвөлжсөн
умрын хунгийн багашаархан сүрэг
нойтон ширгэн дээр тонголзоцгооход нь
цасан цагаан биетэй, тас хар нүдтэй энэ шувуудыг
"цангинагч хунгууд" гэж нэрлэдгийг би саналаа-
түүний учир бичнэм,
Ширээн дээрх цайнаас уур савсан,
шинэхэн хуудсыг нь сөхсөн тэмдэглэлийн дэвтэр
ширгэшгүй үнэн үгс бичих доройхон цэнхэр хүслээс өөр юу ч үгүй хоосон,
тэгээд ийнхүү бичнэм:
-Үүрээр сэрчихээд орон дотроо
үнсэлцэн хэвтэхүй бидний аниатай зовхи
сарьсан багваахай шиг чичрэх
энэ арванхоёрдугаар сарын
шамрагатай хүйтэн өдөр бол аз жаргал билээ!
Роберт Хаас
1996 он