20/05/2026
🍵Нандин цай брэнд~Олон улсын цайны өдөр Монголчуудын амьдрал цайн хэлхээтэй 🌱
Дэлхий даяар жил бүрийн тавдугаар сарын 21-ны өдрийг цай үйлдвэрлэгч улс орнууд, цайнд дурлагчид “Олон улсын цайны өдөр” болгон тэмдэглэн иржээ. Цай гэдэг ундаа хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд хамгаас тэргүүнд орж ирсэн хамгийн түгээмэл хэрэглэгддэг увдист ундаа билээ.
Анх МЭӨ 2-р зуунаас эхлэн Азийн орнуудад цайг хэрэглэж эхэлсэн түүхийн баримт байдаг. Цайны ургамал нь Ази тивийн чийглэг, дулаан бүсэд элбэг ургадаг байсан нь ийнхүү хүмүүний хэрэглээнд эхлэн хэрэглэгдэх болсон бөгөөд аажмаар Дундад Азиар дамжин Европын орнуудад хүрч улмаар Англи болон Ирланд орнуудын өдөр тутмын голлох хэрэглээ болжээ.
Монголчууд эрт дээр үеэс хамгийн сайн цайны идээгээр идээшүүлсэн цай ууж байсныг түүхийн олон сурвалжаас мэдэж болно. Бидний Монгол туургатан эрүүл саруул, цэцэн цэлмэг, урт удаан насалж ирсэн гол нууц нь идээ ундааны зөв сонголт, аж амьдралын зөв хэвшил дадал түүн дотроо өдөр тутмын амин хүнс болсон мах, сүүгээрээ хамгийн сайн цай, хоолыг хийн ууж, амьдралынхаа дадал хэвшил болгож байсан гэдгийг бид ойлгон ухаарч өнөөгийн амьдрал ахуйдаа эргэн хэвшүүлэх хэрэгтэй болсон байна.
Дэлхийн олон оронд цайг онцлон хэрэглэдэг, цайны ёслол нь өвөрмөц гэх хэдий ч нийт хүн амын хувьд өдөрт хэрэглэх хэрэглээгээр Монголчууд дээгүүрт ордог. Өглөөнөөс орой хүртэл цайг голлон уудаг нь монгол айл гэр, хүн бүрийн тогтсон хэрэглээ. Иймд Монгол цайны урлаг гэж нэрлэж болох оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл хүмүүжил, ёс заншлын том тогтолцоог танин мэдэж, хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ.
Олон улсын цайны өдрийг зөвхөн үйлдвэрлэгч улс орон гэлтгүй хүн бүхэн тэмдэглэх боломжтой юм. Тухайлбал энэ өдөр та дуртай цайгаа таалан ууж, эсвэл урьд өмнө хэзээ ч амталж үзээгүй шинэ цайгаа амтлан хүртээрэй. Мөн цайны тухай сонирхолтой түүхийн талаар судлан найз нөхөдтэйгээ хуваалцаж болох юм.
Эрхэм та бүхэн Цайны түүхийн урт жимээр бидэнтэй хөтлөлцөн орж, амьдралаа улам бүтээлч сонирхолтой болгон, хамгийн сайн цайны модноос цэврээр нь хурааж авсан дэлхийн хамгийн сайн цай болох Пу-Эр цайг хүртэж бие сэтгэлийн болон оюун ухааны оргилд хүрнэ гэдэгт найдаж байна.