25/09/2024
Хайран сайхан залуу нас
Залуу нас гэдэг хайран
Заяа төөрөг гэдэг хуурам
Хэлж ирдэггүй хийсч ирдэг нэгэн мэдээ миний зүрхийг хурцалж ирлэсэн илд мэт зүсэн оров
2024 оны 9 сарын 2 нд ХБНГУлсын Штуттгарт хотын зүүн хэсэгт орших Da Capo нэртэй Итали хоолны ресторанд шөнийн 1 цагт гал гарсан юм.
Гал унтраасны дараа нэгэн цогцос илрүүлсэн нь миний эрхэмлэн хүндэлж явдаг,инээд баяслаараа намайг үргэлж угтан тэвэрдэг ховорхон сайхан залуу,хүний аашны тэнгэр,сайхан аав ээжийн хүү,сайн дүүгийн ах Luka Böck байжээ.
Энэ мэдээг утасны цаанаас сонсох тэрхэн мөчид эргэн хургах бодол,итгэж ядан горьдох,эсэн бусыг эрэгцүүлэх,эмгэнэл харамсал зэрэгцэх есөн жорын төсөөлөл төрснийг юу гэхэв.
Дуу алдах энэ агшинд тэр сайхан залуугийн дүрх төрх дүрс мэт дотоод сэтгэлд жирэлзэн өнгөрсөн билээ.
Хүний сайныг ханилж байж мэднэ
Агтны сайныг унаж байж мэдрэнэ
2017 онд нэгэн хуучин автомашины засварын газрыг сэргээн засварлаж нийтэд үйлчлэх баяр ёслол,цэнгээний арга хэмжээ зохион байгуулдаг газар болгон өөрчилхөд манай дотор заслын хамт олон хүчин зүтгэсэн билээ.
Анх учирсан тэр үеэс бидний нөхөрлөл эхэлж нэг нэгнээ танин ойлгож дотны сайхан андууд болжээ
Мөн ч олон сайхан дотоод зохион байгуулалт,дүрслэл төсөөлөлд хоёулаа санаа сэтгэлээ солилцон,бодол оюунаа хуваалцсан юм.
3 жилийн өмнөхөн найз минь гэнэт утас цохив.
Найз нь нэг италь ресторан хариуцан авлаа.Сайхан засвар хийх хэрэгтэй байна.Ресторанаа 10 хоног хаагаад засвараа дуусгая.Ийм ийм ажлууд чамаар хийлгэмээр байна гэхээр нь цаг хугацаа нь давчуу байсан ч хүн хүчээ хуримтлуулаад найздаа туслахаар шийдэв.
За ингээд бид ч ажилдаа оров,цаг нар нь ч урсав,хоног хугацаа нь ч дөхөв,ажил төрөл нь ч амжив.Бид амласан хугацаандаа бүгдийг бүрэн дүүрэн дуусгаад рестораны хамт олон бидний хэд сүүлчийн орой баярын хундага өргөсөн билээ.
Санаа сайн бол
Заяа сайн
Сайхан сэтгэлтэй хүний юм бүтдэг гэж бидний монголчууд ярьдаг билээ
Миний хувьд энэ үг тэр үед биеллээ олсон гэж боддог.
Түүнээс хойш ажиглаад байхад найзын маань найрсаг нөхөрсөг зан харьцаа нөлөөлсөн үү нүдэн дээр л тэр рестораны үйлчлүүлэгчид,нэр хүнд эрс өөрчлөгдсөн юм даг.
2023-24 оны Штуттгарт хотын маань монголчууд тэр сайхан ресторанд ирэх шинэ жилээ угтан нэгэн оройг хамтдаа нижгэр сайхан өнгөрүүлсэн.
Одоо эргээд бодоход тэр сайхан баярын үдэш миний найз хүчин зүтгэл гаргаж хамт олноо удирдан бидний баярыг аль болох сайхан ая тухтай байлгахыг хичээж буй нь харагдах тэрхэн дүрс зураг сэтгэлд минь эгнэгт хоргодон үлджээ
Найзаараа бахархаж баярлах сэтгэл төрснийг юу гэхэв.
Бидний нэг нь халин одно
Бид ард нь бүдрэн үлдэнэ
Тэр баярт ирсэн монголчууд маань маш өндөр сэтгэгдэлтэй баяраа тэмдэглэсэн билээ.
Тэгээд ч дараа дараагийн арга хэмжээг тэр газар товлож явсныг хэлэх юун.
Хайран сайхан залуу нас
Хайлган сэтгэлт анд минь
Арай л эрт байнуу даа
Алаг хорвоо гэж энэ үүдээ
Эцэс сүүлд нь хэлэхэд;
Хорвоо гэдэг хатуу
Хагацал гэдэг үнэн
Иймд;Та бүгд минь хавь ойрын найз нөхөд ах дүүс нартаа хааяа утас цохиж амар мэндийг нь мэдэж сонин сайханаа ярьж байхыг хүсье
Тэнгэр нэг л өдөр гэнэт дуугарч цахилгаан цахидаг шүү